“Медплас – Эрүүл мэндийн мэргэжилтний хөгжлийн хурдасгуур” НҮТББ болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн мэргэжилтний манлайллын хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Тус хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын төгсөх дамжааны оюутнууд болон шинэхэн төгсөгчдөөс бүрдсэн нийт 30 залуу оролцогч шалгарсан бөгөөд тэд салбарын төрөл бүрийн мэргэжлийг төлөөлөн оролцож байна. Мөн эрүүл мэндийн салбарын 15 манлайлагч менторын хичээлд долоо хоног бүр хамрагдсанаар оролцогчид 4 сарын хугацаанд тасралтгүй суралцаж, хөгжих боломж бүрдэх юм.
Сургалтын агуулгад эрүүл мэндийн мэргэжилтний тасралтгүй хөгжил, ур чадвар, салбарын тогтолцооны онцлог, эрүүл мэндийн даатгалын систем, мэргэжлээрээ олон улсад суралцаж, ажилласан туршлага, эрдэм шинжилгээний судалгаа зэрэг олон талт сэдвүүдийг багтаасан байна.
Хөтөлбөрийн эхний хичээлээр АШУҮИС-ийн Ректор, профессор Б.Дамдиндорж эрүүл мэндийн салбарт залуусын оролцоо, хөгжил, карьер төлөвлөлтийн талаар болон тархи судлалын чиглэлээрх өөрийн судалгааны ажлыг танилцуулж, оролцогч залуустай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн онцлог нь оролцогчид эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх 5 төслийг санаачлан, гарааны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж бүрдэж буй явдал юм.









