Уламжлалт анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын 2026 оны 1-р сарын 29-ний хурлаар АШУҮИС-ийн МАУОУС-ийн докторант Д.Очирбат, Сайн-Ундрах (SAIYINWENDURIHU) нар эрдмийн зэргээ амжилттай хамгааллаа.
АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга, Академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд нарын удирдсан докторант Дагвадорж овогтой Очирбатын туурвисан “Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтар, анагаах ухааны зарим зохиолын агуулга, онцлогийг тодруулах нь” сэдэвт бүтээл нь Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтрыг шинэ мэдээллээр баяжуулан, түүний анагаах ухааны бүтээлийн судалгааг өнөөгийн мэдлэгийн хүрээнд олдсон баримт материалд түшиглэн задлан шинжилж, дүгнэсний зэрэгцээ анагаах ухааны бүтээлийг нь сургалт, судалгааны эргэлтэд оруулах, шинэ мэдлэг бүтээх, олон улсад сурталчлан таниулах, улмаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн дэлгэрүүлэх үндэслэл болсонд оршино. Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчээр Түүхийн шинжлэх ухаан доктор, профессор Л.Тэрбиш, Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж нар ажиллав.
АУ-ны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо, АУ-ны доктор О.Баярсайхан, зөвлөх АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга нарын удирдсан докторант Сайн-Ундрах (SAIYINWENDURIHU)-ын туурвисан “Архины шалтгаант элэгний архаг үрэвсэлд Хепаклин 4-ийн үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаагаар Е-амтлуур аппаратаар эмийн амтны судалгааг хийсэн нь уламжлалт анагаах ухааны амт, чадал эрдэм хэмээх одон зурхайн махбодын онолыг орчин үеийн судалгааны аргаар шинжлэн судалж, химийн шинжилгээ болон сүлжээ эм судлалын аргаар идэвхт бодис, бай уураг, молекул докинг шинжилгээ хийж, туршилтын амьтанд загвар үүсгэн элэг хамгаалах, эсийн задралыг саатуулах, элэгний эдийн түвшинд холбогч эдийн хөгжил, эсийн түвшинд сөнөрлийг зогсоох уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааг сэргээх үйлдэлтэй болохыг тогтоон нотолгоожуулсан байна. Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчээр АУ-ны доктор, профессор Г.Чойжамц, АУ-ны доктор, дэд профессор Д.Бадамсүрэн нар ажиллав.
Судалгааны багт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөе.


















