АШУҮИС-ИЙН БИО АНАГААХЫН СУРГУУЛЬД “ЦАХИМ СУРГАЛТЫН ТАНХИМ” БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС болон БНСУ-ын Илжи Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Leading University Project for International Cooperation” урт хугацааны төслийн нэгдүгээр шат болох “Цахим сургалтын орчин бүрдүүлэх” ажлыг БАС-ийн Гадаад хэлний тэнхимийн хамт олон хариуцаж амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү төслийн хүрээнд Био Анагаахын Сургуулийн 322 тоот танхимыг “Цахим сургалтын танхим” (E-learning classroom) болгон бүрэн шинэчилж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нийт 70 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, орчин үеийн сургалтын чанар, стандартад нийцүүлэн тохижуулсан уг танхимд:

• Өндөр хүчин чадалтай ухаалаг дэлгэц (Smart Board);

• Оюутнуудад зориулсан tablet;

• Багшийн иж бүрэн компьютер, хэвлэгч төхөөрөмж;

• Танхимын иж бүрэн засвар, интерьер тохижилт багтсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалт, чанарын баталгаажилтын газрын дарга, доктор, дэд профессор Г.Дарамбазар, Био Анагаахын Сургуулийн захирал, доктор, профессор Ч.Баттогтох, БНСУ-ын Eulji Их Сургуулийн төлөөлөгч ноён Ким, төслийн координатор доктор, дэд профессор Д.Шинэ-Од болон БАС-ийн тэнхимийн эрхлэгчид, Гадаад хэлний тэнхимийн багш нар оролцлоо.

“Leading University Project for International Cooperation” төсөл нь цаашид хоёр талын судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үргэлжлэх юм.