Ханой, Вьетнам — Ази, Номхон далайн бүсийн орнуудын нярайн скрининг (Newborn Screening, NBS)-ийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Нярайн скринингийн хүчин чармайлтыг нэгтгэх 8 дахь удаагийн семинар” 2026 оны нэгдүгээр сарын 12–16-ны өдрүүдэд Вьетнам улсын Ханой хотын Fortuna зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Семинарыг Филиппин Улсын Нярайн Скринингийн Лавлагаа Төв болон АНУ-ын Үндэсний Нярайн Скрининг ба Дэлхийн Нөөцийн Төв хамтран санаачилж, бүс нутгийн Олон улсын байгууллага, Эрүүл мэндийн яамд, Мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.
Нээлтийн үеэр ДЭМБ-ын Баруун Номхон далайн бүсийн алба (WHO-WPRO), Филиппин Улсын Эрүүл мэндийн яам, Ази, Номхон далайн Хүний Генетикийн Нийгэмлэг, Вьетнамын Үндэсний Хүүхдийн Эмнэлэг болон салбар компаниудын төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлэв.
АНУ-ын шинжээч Брэдфорд Террелл Жр. Техас муж дахь нярайн скринингийн хөгжлийн түүхийг танилцуулж, өнөөгийн нийгмийн эрүүл мэндийн сорилтуудтай холбон хэлэлцүүлэг өрнүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татлаа.
Семинарын эхний өдөр БНХАУ, Филиппин, Энэтхэг, Монгол, Индонез, Бангладеш, Пакистан, Непал, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг орнууд нярайн скринингийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудлаа танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийв. Мөн Катмандугийн тунхаглалын хэрэгжилтийн явц-ын талаарх шинэчилсэн мэдээллийг танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Эрүүл Мэндийн дэд сайд Г. Номин, ЭМЯ-ны дэргэдэх Нярайн цогц скринингийн үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Г. Эрдэнэтуяа нар оролцож, өөрийн оронд хэрэгжиж буй нярайн цогц скринингийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оролцогч орнууд 1.5 жилийн богино хугацааны болон 3 жилийн урт хугацааны зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, харилцан шүүмжлэл, зөвлөмж солилцов. Үүний зэрэгцээ нярайн скринингийг нийгмийн эрүүл мэндийн тогтолцоотой уялдуулах, Эрүүл мэндийн яамдын дэргэд Үндэсний Нярайн Скринингийн хороо байгуулах туршлага, мөн гамшгийн бэлэн байдлыг нийгмийн эрүүл мэндийн салшгүй хэсэг болгох асуудлыг хэлэлцэв.
Семинарын төгсгөлд оролцогчид бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Ханойн тунхаглал 2026”-ын төслийг боловсруулж, эцэслэн батлав. Тунхаглалд улс орнуудын хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэг, тогтвортой санхүүжилт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлүүдийг тусгасан байна.
Энэхүү семинар нь Ази, Номхон далайн бүс нутагт нярайн скринингийн хөтөлбөрийг өргөжүүлж, удамшлын болон бодисын солилцооны өвчнийг эрт илрүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамтын зорилгыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.






