АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ТОНГЛЯАО ХОТЫН ӨВӨР МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ ЭМ, ЭМНЭЛГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД 2025.10.25-10.30-НЫ ХООРОНД ЗОЧЛОН, ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 10 сарын 25-30-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, оюутнууд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Өвөр Монголын Үндэстний Их Сургуульд зочлов. Монгол эмийн үйлдвэрийн дадлага нь Эм зүйн сургуулийн Эмийн технологийн тэнхимийн 2 багш, 3,4,5-р курсын оюутнуудын бүрэлдэхүүний хамтаар Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн сургалт, судалгааны лаборатори, их сургуулийн  үйл ажиллагаатай танилцлаа.

Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Олон улсын боловсролын дээд сургуулийн  дэд захирал Bai Wu Yun Tu, Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн захирал Lashi Nam Ji La нарын хамт тус сургуулийн удирдлагууд 10 сарын 27-ны өдөр Эм зүйн сургуулийн багш, оюутнуудыг хүлээн авч, Монгол эм болон европ эмийн үйлдвэрлэлийн технологийнмэдлэгийг сайжруулах, оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хоёр сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх,цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.

Олон улсын боловсролын дээд сургуулийн дэд захирал Bai Wu Yun Tu сургуулийнхаа гадаад оюутан солилцооныхоо бодлого, чиглэлийг танилцуулж, АШУҮИС-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, боловсон хүчнийг чадавхижуулах болон сургалт, судалгааны чиглэлээр хоёр сургуулийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахыг онцоллоо.

Хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнууд Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол Эм, Эмнэлгийн дээд сургуулийн лабораториуд, Магистр, Докторын сургалтын лабораториуд, музей болон Олон улсын боловсролын дээд сургуулийн үйл ажилллагаа, сургалтын хөтөлбөр, гадаад оюутан элсүүлэх журам, гадаад оюутны сурах орчин, оюутны байр зэрэгтэй танилцав. Үүний зэрэгцээ Монгол эм, эмнэлгийн дээд сургуулийн хараат эмнэлгийн харьяа Монгол эмийн үйлдвэр, ӨМӨЗО-ны “Адис” ХХК-ийн Монгол эмийн үйлдвэр болон Өвөр Монголын Хүрээ хошууны Монгол эмийн үйлвэр зэрэгт тус тус дадлага хийж, туршлага хуримтлууллаа.

Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг үр бүтээлтэй хэрэгжүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хоёр сургуулийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.