“Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” (ГАЛТ) сургалт нь Америкийн Мэс засалч эмч нарын нийгэмлэг (American College of Surgeons) -ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн 100 гаруй оронд зохион байгуулагддаг, хөгжингүй орнуудад эмчлэх эрхийн лиценз авахад зайлшгүй тавигдах шаардлагуудын нэг нь болсон нэн чухал сургалт юм.
Сургалтын хүрээнд эмч нар гэмтсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг эмнэлгийн нөхцөлд багаар ажиллаж цаг алдалгүй хүргэх, осол гэмтэл болсноос хойшхи анхны цагийн тусламжийн чанарыг дэлхийн түвшинд хүргэж, улмаар осол гэмтлийн гаралтай хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын тоог бууруулах мэдлэг, ур чадварыг эзэмшдэг. Энэхүү сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгай сертификат бүхий сургагч багш нар зааж явуулдгаараа онцлог юм. Сургалтын төлбөр дундажаар АНУ-д 1500 ам.доллар, Австралид 3000 ав.доллар, Сингапурт 1600 син.долларын үнэтэй байдаг.
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь Америкийн Мэс засалч эмч нарын нийгэмлэг (American College of Surgeons), АНУ-ын Ютагийн их сургуулийн Глобал мэс засал төвүүдийн хамтын ажиллагааны хүрээнд нийт оролцогч нарыгаа олон улсын стандартад нийцсэн өндөр түвшинд зохион байгуулагддаг, төгсөгч нарын сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургалтанд дээрх тогтсон сургалтын төлбөрөөс чөлөөлөн эх орондоо суралцах боломжийг олгож байгаа билээ.
2025 оны 10-р сарын 20-ноос 26-ны хооронд АШУҮИС-ийн АУС-ийн Ур чадварын төв дээр амжилттай зохион байгуулагдсан энэхүү сургалтанд:
– АНУ-ын Ютагийн их сургуулийн Глобал мэс заслын төвийн зөвлөх профессор, мэс заслын эмч Raymond Price,
– АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Глобал мэс заслын төвийн дарга, гэмтлийн эмч Jade Nunez
– Сингапурын Nanyang их сургуулийн профессор, Tan Tock Seng эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Kum Ying Tham
– АШУҮИС-ийн АУС-ийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн менежер, мэс заслын эмч Э.Сарнай
– АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, мэс заслын эмч Б.Баатарсүрэн
– АШУҮИС-ийн АУС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, гэмтлийн эмч Л.Наранбат
– АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн багш, мэс заслын эмч Ү.Санчин
– УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлгийн эмч Д.Энх-Амгалан нар багшилж
АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн багш нар, Монгол-Японы эмнэлгийн эмч нар болон ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг, Интермед эмнэлгийн эмч нар хамрагдлаа.
















