АШУҮИС БНСУ-ЫН ИОНСЕЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

АШУҮИС болон БНСУ-ын Ионсей их сургуулийн Эрүүл мэндийн систем хамтын ажиллагааны гэрээг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгууллаа. Гэрээнд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Ионсей их сургуулийн дэд захирал, Эрүүл мэндийн системийн ерөнхийлөгч Ки Чан Кеум нар гарын үсэг зурсан бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд , Йонсей их сургуулийн Северанс эмнэлгийн ерөнхий захирал Кан Ёун Лий, Йонсей Хавдар судлалын эмнэлгийн захирал Чой Жин Суб болон хоёр их сургуулийн албаны бусад төлөөлөгчид оролцов.

Их сургуулиуд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн богино хугацааны сургалт, багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, их сургуулийн эмнэлгийн менежментийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв II” байгуулахтай холбоотойгоор уг төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэхэд хамтрах, Ионсей их сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газрыг АШУҮИС-д сэргээн байгуулахаар боллоо.

АШУҮИС-ийн төлөөлөгчид Ионсей их сургуулийн шинэ кампуст зочилж, шинээр баригдаж буй Сонгдо Северанс эмнэлгийн төлөвлөлт, барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар АШУҮИС болон Ионсей их сургуулийн 33 жилийн хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжиж, шинэ шатанд гарч байна.