МАНАЙ ИХ СУРГУУЛЬ ХОВД АЙМГИЙН ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Ректорын 2025 оны 6 сарын 06-ны өдрийн А/162 тоот тушаалаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт нэрт мэс засалч Авирмэдийн Отгондалайгийн нэрэмжит Сумын эрүүл мэндийн төвийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Хамтын ажиллагаатай сумын эрүүл мэндийн төв болголоо.

Хамтын ажиллагаатай сумын эрүүл мэндийн төвийг нээх ёслолын ажиллагаа 2025 оны 7 сарын 01-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн төвд боллоо. Хамтран ажиллах гэрээнд тус сургуулийн эмнэлэг хариуцсан проректор, Монгол Улсын гавьяат багш, Анагаахын Шинжлэх Ухааны доктор профессор Далхын Цэрэндавга, Ховд Аймгийн Эрдэнэбүрэн сумын сумын Засаг дарга Ц.Алтангэрэл нар гарын үсэг зурлаа.

Ёслолын үйл ажиллагаанд Сумын Иргэдийн хурлын дарга Ц.Алтан-Очир, Ховд аймгийн БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн, ЭМ-ийн газрын дарга Б.Сүхнаран, АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нар, Ховд аймгаас төрсөн гавьяат эмч нар, БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар, Сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, нутгийн зон олон оролцов.

Мөн Эрдэнэбүрэн сумын ард иргэдэд 2 өдөр нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ үзүүлж, сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл олгов.