АШУҮИС-ИЙН ХАРЬЯА ЕБАС “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд БНСУ-ын Жэжүгийн Хөгжлийн Төвтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Хүүхэд Хөгжлийн Төв” байгуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төв нь сурагчдын авьяас чадвар, бие бялдар, оюуны хөгжлийг бүх талаас нь дэмжих зорилготойгоор байгуулагдсан бөгөөд нийт 50 сая воны санхүүжилтээр урлаг, спорт, танин мэдэхүйн орчныг иж бүрнээр нь бүрдүүлсэн юм.

Төслийн хүрээнд:

• Сагсан бөмбөгийн 5х5 стандарт талбай

• Урлагийн (хөгжим, арт зураг) танхимууд

• Нээлттэй номын санг шинээр тохижуулж, сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн хүлээлгэн өгсөн байна.

“Хүүхэд Хөгжлийн Төв”-ийн нээлтэд БНСУ-ын Жэжү Хөгжлийн төвийн дарга Ким Хён Мин, Жэжүгийн Үйлдвэрчний Эвлэл, Хөрөнгө оруулалт ба Төлөвлөлтийн хэлтэсийн нийт 12 бие төлөөлөгчид, Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кан Хён Чол, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан болон бусад албаны хүмүүс, багш сурагчид оролцлоо.

Жэжүгийн Их сургуулийн профессор, доктор Ким Жонг Хун “Хиймэл оюун ухааны ухаалаг хэрэглээ” сэдвээр ЕБАС-ийн ахлах ангийн 250 гаруй сурагч, багш нар болон анагаахын салбарын төлөөлөлд лекц уншиж, орчин үеийн технологийн ач холбогдлыг онцлон хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уг лекц нь АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуультай хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна.

“Нээлттэй зүрх” ТББ, Жэжүгийн Манлайллын төвийн профессор Ким Жон Хун нар хамтран сурагчдад зориулсан Солонгос хэлний анхан, дунд болон ахисан шатны сургалтуудыг 100% тэтгэлэгтэйгээр цахимаар эхлүүлээд байна.

Жэжүгийн ИС-ийн дэргэдэх GD Aкадеми, БНСУ-ын Жэжү Халла Их Сургуулийн удирдлагууд, Инновацийг дэмжих төслийн захирал профессор Ким Хью Чан, Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн төвийн захирал профессор Ли Юун Жүн, Сувилахуйн сургуулийн захирал профессор Пак Чан Сонг, профессор Ко Ёнг Жүнг, БНСУ-ын Global Doem Academy-ийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал Женни болон АШУҮИС-ийн ЕБАС-ийн удирдлага, багш нартай сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглан анагаахын суурь ухаан-хими, биологи, физик, тооны хичээлүүд дээр хэрхэн хамтарч хөгжүүлэлт хийх талаар санал солилцлоо.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд сурагчид, зочин төлөөлөгчид хамтран гадаад орчныг тохижуулж, мод тарьж, зураг зурж, хашаа будан чимэглэх сайн дурын ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь хүүхдийн хүмүүжил, нийгмийн оролцоог дэмжих бодит ажил болсон юм.