Анагаахын Боловсролын Дэлхийн Холбоо (WFME), Анагаахын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Хүрээлэн (IMEAc)-ийн чуулган “WFME World Conference 2025: Health for All – Through Quality Medical Education” сэдвийн хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод зохион байгуулагдаж, дэлхийн 92 орны 900 гаруй төлөөлөгч оролцлоо.
Анагаахын Боловсролын Дэлхийн Холбооны ерөнхийлөгч Ricardo León-Bórquez чуулганыг нээж, тус холбооны Зүүн Өмнөд Ази, Газрын Дундад Тэнгис, Номхон Далайн Баруун бүс, Америк, Европ, Африкийн бүсийн захирлууд хэлэлцүүлгүүдийг удирдан явууллаа.
Анагаахын Боловсролын Дэлхийн Холбоо нь анагаахын чиглэлийн хөтөлбөрийн 3 төрлийн итгэмжлэл (recognition), World Directory of Medical Schools, сургалтын хөтөлбөрт тавих 5 стандартыг хэрэгжүүлдэг бөгөөд тус чуулганаас шинээр “Анагаахын оюутнууд, төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй болон мэргэжлээрээ ажиллаж буй эмч нарыг дэмжихэд Байгууллагын хүлээх үүрэг хариуцлагын тухай тунхаглал”-ыг албан ёсоор баталсан нь онцлох үйл явдал боллоо.
Чуулганаар анагаахын боловсролын ирээдүйн чиг хандлага, улс орнуудад тулгарч буй шинэ сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар буюу ирээдүйн эмчийг бэлтгэх шинэ хандлага, хиймэл оюуныг сургалтад ухаалгаар ашиглах, нийгмийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн буюу төгсөгчдийн нийгэмд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, магадлан итгэмжлэлээр боловсролын чанарыг сайжруулах зэрэг агуулгын хүрээнд 100 гаруй илтгэл хэлэлцэгдэж, АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрүүдийн олон улсын магадлан итгэмжлэлийн туршлагаас хуваалцлаа.
Чуулганд боловсролын байгууллагын төлөөллүүдээс гадна оюутнууд, резидент эмч нар болон үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцон дуу хоолойгоо хүргэж, сургалтад дижитал технологийг нэвтрүүлж буй туршлагыг танилцуулсан үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Анагаахын Боловсролын Дэлхийн Холбооны ерөнхийлөгч Ricardo León-Bórquez, Номхон далайн баруун бүсийн Анагаахын боловсролын холбооны захирал Wayne Hodgson, дэд захирал Weimin Wang нартай ТӨСБЗГ-ын дарга С.Хандмаа, Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар нар уулзаж, боловсролын чанар, магадлан итгэмжлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.











