НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ БНСУ-ЫН ХАНСОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

БНСУ-ын Хансон Их Сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн захирал Пак Ду Юнг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх нарыг АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам, 2025 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Доктор Пак Ду Юн нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн (KOSHA) тэргүүн, БНСУ-ын үйлдвэрийн эрүүл ахуйн нийгэмлэгийн (KIHA) тэргүүн, Олон улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн нийгэмлэг (IOHA)-ийн тэргүүнээр ажилласан байсан бөгөөд Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн холбоог (ANOH) үүсгэн байгуулсан.

Уулзалтын үеэр Хансон Их Сургуулийн Инженерийн сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг цаашид байгуулах, Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалт, судалгааг хөгжүүлэх, эрчимжүүлэх боломжуудыг ярилцан эхний ээлжинд НЭМС-ийн багш, оюутнуудыг Хансон их сургуульд Хөдөлмөрийн эрүүл ахуй, Үйлдвэрийн эрүүл ахуйн чиглэлээр 5-7 хоногийн богино хугацааны эрчимтэй сургалтад хамруулахаар харилцан тохиролцов. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхтэй хэлэлцэн, 2026 онд Монгол улсад “Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн холбоо”-ны Олон улсын хурлыг Нийгмийн Эрүүл мэндийн сургуультай хамтран зохион байгуулахаар боллоо. Энэхүү хурал нь 2026 онд тохиож буй НЭМС-ийн 70 жилийн ойн хүрээнд Хөдөлмөрийн эрүүл ахуйг хөгжүүлэх чиглэлээр хийгдэх чухал ажил болох юм.