“ЭРДМИЙН ЧУУЛГАН 67” Нийгмийн Эрүүл Мэндийн салбар хуралдаан 2025 оны 04 сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, ЭМЯ-ны төлөөлөл, НЭМ-ийн олон салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Зочин илтгэлээр Улсын Их Хурлын гишүүн, НЭМУ-ы доктор О.Саранчулуун “Нийгмийн ажлын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ ба өнөөгийн байдал”, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн төслийн зохицуулагч, АУ-ы доктор, профессор О.Чимэдсүрэн “НЭМ-ийн илрүүлэг, Глобал сангийн үйл ажиллагаа”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, АУ-ы доктор Д.Нарансүх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл”, Монголын хоол зүйчдийн холбооны тэргүүн, ХААУ-ы доктор, дэд профессор Ц.Сонинхишиг “Хоол зүйн салбарт хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр салбарыг хамарсан бодлогын сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа.
НЭМ-ийн салбар хуралдаанд 400 гаруй судлаачдын хамтран туурвисан бүтээлээс шалгарсан 30 бүтээлийг хэлэлцэж шилдгүүд тодорлоо.
Аман илтгэлийн төрөлд:
ТЭРГҮҮН байранд Ц.Амаржаргал нарын “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанар”,
ДЭД байранд Ч.Өнөрцэцэг нарын “Ундны усанд агуулагдаж буй хүнцлийн хүний эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэл”,
ГУТГААР байранд О.Дашпагам нарын “Эрүүл мэндийн ажиллагсдын дунд хийсэн КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үр дүн” илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Ханын илтгэлийн төрөлд:
ТЭРГҮҮН байранд Х.Нансалмаа нарын “Эрүүл мэндийн ажилтнуудын Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаарх мэдлэг, хандлагыг судалсан дүн”,
ДЭД байранд Д.Өлзиймаа нарын “Сууцны доторх орчны агаарын бохирдолд нөлөөлөх зарим хүчин зүйлс” 2023 оны өвлийн хэмжилтийн дүнгээс”, ГУТГААР байранд А.Пүрэвгэрэл нарын “Сүрьеэгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийн тооцоо” илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Хурлын үеэр Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар болон оюутнуудын хийсэн тэнцвэртэй хоолоор үйлчилсэн нь онцлог байв.
Нийт эрдэмтэн, судлаачиддаа эрдэм судлалын их үйлсэд нь улам их амжилт хүсье.












