АШУҮИС, БНХАУ-ЫН ХАРБИНЫ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваалхам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар Харбины анагаах ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн урилгаар айлчилж, Харбины анагаах ухааны их сургуулийн дэд ерөнхийлөгч Ху Ванхай, Гадаад харилцаа эрхэлсэн захирал Донг Зинг, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Юнг Ли, дэд захирал Тиан Маои болон тэнхимийн эрхлэгч нартай уулзалт хийлээ.

Мөн Харбины анагаах ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 9 тэнхимийн эрхлэгч, хамт олонтой уулзаж харилцан мэдээлэл солилцон, хамтран хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэн, лабораториудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцов.

Харбины анагаах ухааны их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, судлаач, багш нар харилцан айлчлах, академик солилцооны боломж бүрдүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумыг хамтран зохион байгуулах, олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хэвлүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллах, чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Мөн тус сургуулийн эрдэмтэн судлаачид, магистр болон докторын хөтөлбөрийн оюутнуудтай семинар зохион байгуулж “АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, хамтран ажиллах боломжууд”, “Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. Мөн Харбины анагаах ухааны их сургуулийн харъяа Хоёрдугаар төв эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төв, Яаралтай тусламжийн тасаг, Өрхийн анагаах ухааны тэнхимийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг хийн, санал солилцов.

Харбины анагаахын их сургууль нь “Хятад-Оросын нийгмийн эрүүл мэндийн симпозиум”-ийг зохион байгуулдаг бөгөөд цаашид “Хятад-Орос-Монголын нийгмийн эрүүл мэндийн симпозиум” нэртэйгээр жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулах, энэ жилийн симпозиумыг нь 2026 онд тохиох Харбины анагаах ухааны их сургуулийн түүхт 100 жилийн ой, АШУҮИС-ийн НЭМС-ийн 70 жилийн ойг угтаж зохион байгуулахаар төлөвлөлөө.