АШУҮИС-ийн АУС-ийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн гадаад оюутнуудад зориулсан “Цагаан сар 2025″ өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2024/2025 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн АУС-ийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт 30 гаруй гадаад оюутан суралцаж байна. Тэдгээр оюутнуудад зориулан Монгол соёл, зан заншлыг таниулах “Цагаан сар 2025″ өдөрлөгийг АУС дээр 2025 оны 3-р сарын 1-6-ны хооронд зохион байгуулагдаж гадаад оюутнууд Цагаан сарын баяраар Монгол айлуудад зочилж, ахмад настнаа хүндэтгэн золгох, баярын идээ зоог засах, бэлэг солилцох уламжлалт Монгол ёс заншлуудтай танилцлаа.

3-р сарын 6-ны өдөр АУС-ийн Монгол оюутнууд Монгол үндэсний хувцасаа өмсөж, уламжлалт хоол, идээ будаагаа засаж, баярын зан үйл, уламжлалыг танилцуулж, гадаад оюутнуудтай “Алаг мэлхий өрөх”, “Морь уралдуулах” зэрэг үндэсний уламжлалт тоглоом наадгайг хамтдаа тоглож их завсарлааныг өнгөрүүлэв.

Энэхүү арга хэмжээ нь АУС-д суралцаж гадаад оюутнуудад Монголын уламжлал, зан заншлыг таниулахаас гадна, улс хоорондын соёлын ялгааг ойлголцох, харилцан суралцаж бие биесээ хүндэтгэх үнэтэй боломж олгосон онцлог үйл явдал байлаа.

Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн АУС-ийн Оюутны зөвлөлийн хамт олонд, мөн идэвхтэй оролцсон АУС-ийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн нийт оюутнууддаа талархал илэрхийлье.