ОРОН НУТАГТ БЭЛТГЭГДСЭН СУВИЛАГЧИД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Политехникийн коллежийг түшиглэн 2022 оны 09 сард сувилахуйн дэд бакалаврын ангийг нээж анхны элсэлтээ авч байсан бол 2025.02.06-нд төгсөлтөө хийж Арвайхээр, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Хархорин, Өлзийт сумдаас нийт 46 суралцагч “Сувилагч” мэргэжил эзэмшин, мэргэжлийн дипломоо гардан авав.

Аймгийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээс эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал, тэр дотроо сувилагчийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа талаар АШУҮИС-ийн захирал болон Сувилахуйн сургуулийн захиралтай уулзаж, ярилцан тодорхой санал дэвшүүлсэн нь ийнхүү ажил хэрэг болж, амжилттай өндөрлөлөө.

Сургалтыг зохион байгуулахад Сувилахуйн сургуулиас 42 багш, Өвөрхангай аймгаас 30 гаруй эмнэлгийн мэргэжилтэн, коллежийн багш нар хамтран оролцлоо. Бүтэн 2,5 жилийн турш, цаг агаарын ямар ч нөхцөлд, нийт 50000 гаруй км замыг туулан, оюутнууддаа мэдлэг түгээж чадвар эзэмшүүлэхээр зорин ажилласан багш нар, Сувилахуйн сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд аймгийн төсвийн хөрөнгийг шийдэж, нөхцөл бүрдүүлэн ажилласан аймгийн удирдлагын баг болон анги танхимаар хангаж өгч хамтран ажилласан Политехникийн коллежийн хамт олонд мөн талархал илэрхийлье.

Сургалтаа амжилттай дүүргэсэн 46 төгсөгчиддөө диплом, энгэрийн тэмдгийг гардуулах ёслолын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Ректор, АУ-ы доктор профессор Б.Дамдиндорж, проректор, АУ-ы доктор, профессор Г.Батбаатар, АШУҮИС-ийн УЗ-ын нарийн бичгийн дарга Г.Дарамбазар, ОХУГ-ын дарга Д.Оюунбилэг, ТӨСБЗГ-ын дарга С.Хандмаа, Сувилахуйн сургуулийн захирал,

АУ-ны доктор профессор Б.Оюунгоо болон сургуулийн эрдэмтэн багш нар, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Ганбаяр, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан, Политехник коллежийн захирал С.Санчир нар хүрэлцэн ирж диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.

Ёслолын үеэр онцгойлох дипломтой төгссөн төгсөгч нарт БОЭТөвд сонгон шалгаруулалтгүйгээр ажиллах урилгыг гардуулав.

Тус аймгийн эрүүл мэндийн салбарт хүч нэмэн, 46 сувилагч мэргэжилтэн ангиараа орж ирлээ. Нийт төгсөгчиддөө баяр хүргэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.