АШУҮИС-ИЙН МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ, ТОКИО АРИАКЕ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТУУД ЯВАГДЛАА

АШУҮИС, Япон Улсын ТАИС-тай хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан эмнэл зүйн дадлага сургалтуудыг 2024 оны 12-р сарын 01-29-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж дууслаа.

МАУОУС-д Япон Улсын ТАИС-ийн багш АУ-ны доктор, профессор Нобуёши Күме, АУ-ны доктор, дэд профессор Масатака Наказава нар 2024 оны 12-р сарын 23-28 ны хооронд зочин багшаар ажиллалаа. Уламжлалт анагаахын засалч ангийн 1-4 дүгээр дамжааны оюутнуудад мэргэжлийн хичээл, төгсөгч нарт мэргэшүүлэх сургалтыг орлоо. Тус сургалтын үеэр Япон улсын ЭСЯ-наас эрүүл мэнд хариуцсан Атташе Китазава Акихиро зочлон хоёр сургуулийн хамтын ажиллагаа болон сургалтын үйл ажиллагаатай танилцаж цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн ТАИС-ийн зочин багш нар МАУТЭ-ийн Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасгийн эмч нартай хамтран дадлагажих эмнэл зүйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр эмнэлгийн хэвтэн үйлчлүүлэгч болон амбулаторийн үйлчлүүлэгчдэд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгөв. Энэ удаагийн дадлагажих сургалтын үеэр ховор тохиолдлын “Ричардын нугалмын эмгэгтэй өвчтөн”, “Дотор чихний гаралтай тэнцвэр алдалт”, “Бүсэлхий нурууны өвөрмөц өвдөлт” зэрэг ховор тохиолдлуудыг оношилж зөвлөгөө өгсөн нь залуу эмч багш, мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлага солилцсон, үр дүнтэй эмнэл зүйн сургалт боллоо. 2024 оны 12-р сарын 1-22-ны хооронд ТАИС дээр эмнэлзүйн дадлага сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү дадлагын хугацаанд МАУОУС-ийн захирал Д.Цэнд-Аюуш, МАУТЭ-ийн захирал Ч.Бат-Найрамдал, МУАУХ-ийн эмнэл зүйн секторын эрхлэгч П.Молор-Эрдэнэ нар ТАИС-ийн удирдлагуудтай уулзалт хийж хоёр сургуулийн гэрээний заалтуудыг шинэчлэх, хамтарсан эмнэл зүйн судалгааны ажлыг эхлүүлэх тухай хэлэлцлээ.

Эмнэлзүйн дадлагад МАУТЭ-ийн Уламжлалт анагаахын засалч И.Дүүрэнжаргал, 2021оны 1 төгсөгч, 2022 оны 1 төгсөгч, Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрийн 1-4-р дамжааны 14 оюутан оролцлоо.