АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, БНСУ-ын Жинжү Эрүүл мэндийн сургууль хамтран “АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эмнэлзүйн сургалтыг сайжруулах, үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүллээ. 2024 оны турш хоёр сургуулийн багш нар хамтран, уулзалт сургалт зохион байгуулах, судалгаа хийх, багш оюутны хөгжлийн ажлуудыг хийсэн ба “Сувилахуйн багш нарын ур чадварын хичээлийн гарын авлага”, “Сувилахуйн оюутнуудын ур чадварын хичээлийн гарын авлага”, “Сувилахуйн ур чадвар хийх үнэлгээний гарын авлага” болон сувилахуйн ур чадварын 5 видео контент бүтээлээ. Тус сургуулийн суурь ур чадварын тэнхимийн багш профессор Jung Dae Bum, Kim Yeong Hee, Kim Seung Mi, Kim So Yeong, Lee Sun Mi, Jeong Jeong Ran нар ирж нээлттэй хичээл хамтран зохион байгуулж, сургуулийн удирдлага болон нийт багш оюутнуудад гарын авлагыг хүлээлгэн өгөв. Төслийн үр дүнг сургалтад оролцогч талууд хүртэхээс гадна Монгол Улсын сувилахуйн тусламж үйлчилгээний стандартад тусгаж хэрэгжүүлэхэд чиглэн ажиллалаа.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нэг баг болж хамтдаа ажилласан 2 сургуулийн багш нартаа талархал илэрхийлье. Төслийн дараагийн шатанд бэлтгэх ажлууд, холбогдох суурь судалгаануудыг эхлүүлээд байна. Бидний дараагийн төсөл бол Эмнэлзүйн ур чадварын төвийг өргөжүүлэн хөгжүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хөтөлбөрийг чанаржуулах зорилготой юм.