МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ “АЛХАМ УРАГШ 2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил бичих, хэвлэн нийтлүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Молекул биологи – Удамзүйн тэнхим нь төгсөлтийн сургалтын оюутнуудын дунд жил бүр “АЛХАМ УРАГШ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ.

Монгол улсын гавъяат багш УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “АЛХАМ УРАГШ 2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 06-ны өдөр 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Хурлын 1-р шатанд магистрантын 40, докторантын 12, нийт 52 илтгэл хүлээн авч 1-р шатны шүүгчдийн оноогоор шалгарсан 14 илтгэлийг 2-р шатны хурлаар хэлэлцүүллээ. Хурлын хүндэт шүүгчээр АУ-ы доктор, профессор Ц.Одгэрэл, АУ-ы доктор, профессор Ж.Мөнхцэцэг, АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү нар ажиллав.

Зочин илтгэгчээр АНУ-аас АУ-ны доктор Б.Батуужин “Small molecule discovery for modulation of Otopetrin proton channels”, Удамзүйн ухааны доктор, профессор И.Пүрэвдорж нар “Эпигенетикийн өөрчлөлт ба өвчнүүд” сэдвээр тус тус сонирхолтой лекц уншиж, олонд түгээлээ.

“АЛХАМ УРАГШ 2024” хурлын хэлэлцүүлгийн дүнд докторантын төрөлд “Монголд зонхилон тохиолдож буй хачигт халдварын молекул эпидемиологийн судалгаа” сэдвээр илтгэсэн судлаач Г.Дашдаваа, магистрантын төрөлд “Аутосомын богино дарааллын давталтын анализаар гэр бүлийн гишүүдийг харьцуулан судалсан зарим үр дүн” сэдвээр илтгэсэн судлаач Б.Буяндэлгэр, ханын илтгэлийн төрөлд “Таргалалтыг нөхцөлдүүлэгч FTO генийн rs9939609 полиморфизсын үеийн бодисын солилцооны өөрчлөлт” сэдвээр илтгэсэн Ц.Юмчинсүрэн нарын илтгэл шалгарлаа.

Илтгэлийн хураангуйг бэлтгэн хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээсэн бөгөөд та дараах линкээр орж танилцах боломжтой.

Холбоос: http://molekulbiology.blogspot.com/2024/12/2024.html?m=1

“АЛХАМ УРАГШ 2024” эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон Ц.Халиун захиралтай “Аялуун фарм” ХХК, Л.Баярсайхан захиралтай “Протлаб” эмнэлзүйн лабораторийн хамт олонд гүн талархал илэрхийлье.