“ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ: ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ БОЛОН ДАРААХ СУРГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АШУҮИС, НҮБ-ЫН ХҮН АМЫН САН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ: ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ БОЛОН ДАРААХ СУРГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Жендерт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аяныг жил бүр 11-р сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12-р сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) хооронд зохион байгуулдаг. Энэхүү аян нь хамгийн түгээмэл хүний эрхийн ноцтой зөрчил болох охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон улсын шилдэг туршлагыг хуваалцах, салбар хоорондын хамтын ажиллагааг дүгнэн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох зорилготой юм.

НҮБ-ын Хүн Амын Сан, АШУҮИС хамтран “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн хариу арга хэмжээ: Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг эрчимжүүлэх нь” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн яам, Боловсролын яам, НҮБ-ын Хүн Амын Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АШУҮИС-ийн төлөөлөл оролцлоо.

Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ДЭМБ-аас боловсруулсан сургалтын агуулгыг төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрүүдэд тусгахын ач холбогдол, сайн туршлага, эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүчирхийллийг илрүүлэх, анхны дэмжлэг үзүүлэх, эмчлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмших, эрүүл мэндийн хариу арга хэмжээг оновчтой тодорхойлох, цаашид анагаах ухааны сургуулиуд болон бусад их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах талаар хэлэлцлээ.