Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинжлэх ухаан технологийн газраас Дэлхийн Шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан их сургуулийн багш, судлаачдад зориулан 2 дах жилдээ “ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ”-ийг 2024 оны 11 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эдийн засаг хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, Монгол улсын их сургууль, АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэн, оношилгооны төвүүд оролцож эрүүл мэнд, анагаах ухааны салбарт бий болгосон инновац, шинэ технологи, оюуны өмчийн газраар баталгаажсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтэгдэхүүний загвар, шинээр хэвлэгдсэн ном, олон улсын хэмжээнд хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ танилцууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг Ректор АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж нээж “АШУҮИС-ийн өнөөгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Технологи, инновацын шилжилт, эрчимт хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Урьболд “Гарааны компанийг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин”, Оюуны өмчийн газар, Шинэ бүтээл ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа “Оюуны өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, МУИС-ийн Технологи дамжуулах төвийн эрхлэгч, профессор Ш.Наранмандах “МУИС-ийн Технологи Дамжуулах Төвийн үйл ажиллагаа, старт-ап хөтөлбөр”, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн дэд профессор Д.Сумъяаханд “Innovating Healthcare: Research Capabilities and Collaborative Opportunities in Medical Engineering” гэсэн сэдвүүдээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Био-Анагаахын сургууль, Эрдмийн сургууль, Монгол-Японы эмнэлэг, Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн багш, профессорууд 2023-2024 онд шинээр нэвтэрсэн инновац, шинэ технологийн талаар илтгэл тавилаа.
Энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдсанаар АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, эмнэлгүүд, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн багш судлаачид өөрсдийн бүтээсэн, хэрэгжүүлсэн инновац, шинэ бүтээл, шинэ технологи, судалгаа шинжилгээний талаар харилцан мэдээлэл солилцохоос гадна Эдийн засаг хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, Монгол улсын их сургууль зэрэг байгууллагуудад өөрсдийн дотоод нөөц бололцоогоо таниулж, хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааныхаа хүрээг өргөжүүлэх боломжийг олгосон үр дүнтэй өдөрлөг боллоо.