ЯПОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ НАР АХИСАН ТҮВШНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХААР БОЛЛОО

АШУҮИС-ийн удирдлагууд 2024 оны 10-р сарын 24-25-ны өдрүүдэд Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн олон улсын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Профессор Кунинори Такаги, захирал Ясухиро Сүзүки болон удирдлагууд, АШУҮИС-иас суралцаж буй оюутнуудтай тус тус уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд АШУҮИС-ийн 2 багшийг Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн олон улсын их сургуулийн Хэл заслын ахисан түвшний сургалтад тэтгэлэгтэйгээр суралцуулахаар боллоо.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь хэл заслын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн индексийг шинээр батлуулах, урьдчилсан магадлан итгэмжлэлд орох, мэргэжлийн багш бэлтгэх, шинэ хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон ажлуудыг төлөвлөн хийж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд IUWH сургууль хамтын ажиллагааны хүрээнд дэмжин ажиллаж байна.

Түүнчлэн АШУҮИС болон Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн олон улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтад бүтэн тэтгэлгээр суралцаж буй Монгол оюутнуудтайгаа уулзалт, ярилцлага хийж, тус их сургуулийн Отавара болон Нарита кампусын эмнэлэг, эрдэм шинжилгээ, судалгааны лабораториудтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.