АНУ-ЫН ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН (NIH) ДЭМЖЛЭГТЭЙ “МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ“ ТӨСЛИЙН 3 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь АНУ-ын Техасын Их Сургууль болон Дюк Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын Хүрээлэн Буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв“ төслийн 3 дахь удаагийн хурал 2024 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн Өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Ректор Б. Дамдиндорж хурлыг нээж үг хэлэхдээ, манай улсад тулгамдаж буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн талаарх судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, лабораторыг бэхжүүлж, тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг чадавхижуулах өндөр ач холбогдолтой ажлууд энэхүү төслийн хүрээнд хийгдэж байгааг онцлон дурдлаа.

Тус төслийн хүрээнд АШУҮИС дээр “Монголын Хүрээлэн буй Орчин, Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн төв”-ийг байгуулж, 600 сая гаруй тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд 10 судлаачийг АНУ-д 3 сарын хугацаагаар сургалтад хамруулсан. Мөн Улаанбаатар, Дархан хотын дотоод, гадаад орчны агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тархвар судлал, молекул биологийн түвшинд судлах ажлууд хийгдэж байгаа юм.

Хурлын эхэнд АНУ-ын Техасын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Халдварт Өвчин судлалын тэнхимийн профессор, Др Грегори Грей болон U01 Төслийн Хамтарсан Үндсэн Судлаач – Дюк Их Сургуулийн Николасын Хүрээлэн буй орчны сургуулийн профессор, Орчны шинжлэх ухаан, бодлогын хэлтсийн дарга Др. Жунфэн Жан болон судалгааны U01 төслийн үндсэн судлаач, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал АУ-ны доктор, профессор Д.Даваалхам нар төслийн төслийг явцыг танилцуулж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй 10 судлаачийн сургалтын явц, судалгааны ажлын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд АШУҮИС-ийн удирдлагууд, Эрүүл Мэндийн Яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, ДЭМБ, UNICEF, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, ХӨСҮТ, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, НЭМҮТ, ХАБЭМТ, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын удирдлага болон холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож Монгол улсын орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.