АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ ОЛОН УЛСЫН СУВИЛАХУЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Сигма Тета Тау Олон Улсын Сувилахуйн Хүндэт Нийгэмлэг (Sigma Theta Tau International Honor Society of Nursing)-ээс зохион байгуулсан Олон улсын сувилахуйн судалгааны 37 дахь их хурал 2026 оны 7 дугаар сарын 16–18-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотод боллоо.

Тус хуралд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн дэд профессор Г. Хулан оролцож, судалгааны үр дүнгээ ханан илтгэлээр танилцууллаа. Тэрээр тус олон улсын сувилахуйн судалгааны хуралд сүүлийн гурван жил дараалан судалгааны бүтээлээ хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ удаад хоёр аман хуралдааны модератороор ажиллаж, үүний нэг болох Hall of Fame Session-ийг удирдан чиглүүлж ажиллаа.

Олон улсын сувилахуйн судалгааны 37 дахь их хуралд дэлхийн 47 орны 1,140 гаруй төлөөлөгч оролцож, 390 аман илтгэл, 390 ханан илтгэл, 41 PechaKucha илтгэл, 36 Hall of Fame болон шилдэг илтгэл, 3 симпозиум, 2 нэгдсэн (Plenary) илтгэлийг хэлэлцүүллээ. Энэхүү арга хэмжээ нь сувилахуйн шинжлэх ухааны хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа, боловсрол, эмнэлзүйн практикийн уялдаа холбоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлэх болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.