Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, УХТЭ, БНСУ-ын Кангбук Самсунг эмнэлэгтэй хамтран БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан (KOFIH)-гийн дэмжлэгтэй төслийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хүн амын дунд тулгамдаж буй эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилгоор суурь судалгааг хийх, бодлогыг тодорхойлох үүднээс АШУҮИС болон УХТЭ-ийн удирдлагууд Солонгос улсын төслийн багтай хамтран ажиллаж байна. Энэ удаагийн албаны айлчлалд Кангбук Самсунг эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид АШУҮИС болон УХТЭ-ийн удирдлагуудтай уулзаж, төслийн суурь судалгаа болон хэрэгжилтийн төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Уг төслийг 2026–2032 оны хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Монгол Улсын Зүүн бүсийн таван аймгийг хамруулан халдварт бус өвчний нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагааг GIS программд суурилан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уг төслийг АШУҮИС-ийн НЭМХ, НЭМС, Ахисан түвшиний сургууль, АУС, Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн эрдэмтэн багш судлаач нар УХТЭ, Солонгосийн төслийн багтай хамтран зорилтот бүлгийн нийт 10,000 орчим иргэнийг хамруулсан эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, эрүүл мэндийг дэмжих сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.






