Япон Улсын Tokushima University-ийн ерөнхийлөгч, хүндэт профессор Yasuhiko Kawamura тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Mongolian National University of Medical Sciences-д албан ёсны айлчлал хийлээ.
Энэ жил АШУҮИС болон Токушимагийн их сургуулийн хамтын ажиллагаа эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр их сургууль боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж, Монгол Улсын анагаах ухааны боловсрол, судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, шинжлэх ухаан, инновацын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцлээ. Үүний хүрээнд АШУҮИС болон Токушимагийн их сургуулийн удирдлагууд хамтран хэрэгжүүлэх САТРЕПС (SATREPS) төслийн үйл ажиллагааг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь Монгол, Японы судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг нийгэмд үр өгөөжтэйгээр нэвтрүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой юм. Санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр их сургуулийн судалгаа, инновацын хамтын ажиллагаа улам бэхжиж, олон улсын түвшний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэж байна.
Мөн төлөөлөгчид АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн болон Монгол–Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус хүрээлэн, эмнэлэгт хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний судалгаа, оношилгоо, эмчилгээ, сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, ололт амжилт, цаашдын хөгжлийн чиглэлүүдийг сонирхон үзэж танилцлаа. АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүнгийн тод жишээ бөгөөд Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг талууд онцлон тэмдэглэв.

























