Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Ахисан түвшний сургууль, Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС)-ийн Математик, байгалийн ухааны сургууль нь “Эрүүл мэндийн боловсрол” чиглэлээр салбар дундын Магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг хөтөлбөрт МУБИС-ийн төдийгүй, АШУҮИС-ийн төгсөгчид магистрын сургалтад хамрагдах боломж нээгдэж байгаа бөгөөд цаашид ерөнхий боловсролын сургуулиудад “Эрүүл мэндийн хичээл”-ийг эрүүл мэнд ба боловсрол хосолсон мэдлэгтэй, сурган заах арга зүйтэй, судалгааны ур чадвар эзэмшсэн, боловсролын магистр зэрэгтэй багш нар хичээл заах нөхцөл бүрдэж хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсролыг илүү чанартай, мэргэжлийн түвшинд олгох боломж нэмэгдэх юм.









