АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АНУ-Д ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТЫН ТОЙРОЛТУУДАА ХИЙЛЭЭ.

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн 6 дугаар дамжааны оюутан Ха Хёжүн болон Жүн Сюнгхан нар дадлагажуулах эмнэлзүйн сургалтын хүрээнд хийгддэг Эх барих эмэгтэйчүүд, Хүүхдийн өвчин, Өрхийн анагаах ухаан, Яаралтай тусламж, Мэдрэл судлалын тойролтоо АНУ-ын таван эмнэлэгт 2025 оны 9 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 26-ны хооронд амжилттай хийж, туршлага хуримтлуулаад ирлээ.

 АУС-ийн захирал Я.Энхтөр бусад багш нарын хамт дээрх оюутнуудынхаа сэтгэгдэлтэй танилцахаар уулзалт зохион байгуулан ярилцахад оюутнууд дадлага туйлын үр дүнтэй болсон тул сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа оюутнуудын дадлагын тухай сэтгэгдлийг илүү тодруулах зорилгоор ярилцлага хийснээ толилуулая.

  • АНУ-д хийсэн эмнэлзүйн тойролт өөрийн тань суралцахуйн амжилтанд хэрхан нөлөөлсөн бэ?

Жүн Сюнгхан: Олон шинэ зүйлс, тухайлбал шинэ эмүүдийн тухай  мэдлэгээ нэмэгдүүлж чадлаа.

Ха Хёжүн: Маш чухал цаг хугацаа байлаа. Өмнө нь Монгол ба Бүгд Найрамдах Солонгос улсад дадлага хийхэд тааралдаж байгаагүй олон шинэ тохиолдлыг үзэхийн зэрэгцээ эмнэлгийн зохион байгуулалт, эмч нарын ялгаатай байдал нь туршлагыг олон чиглэлээр өргөжүүлж чадсан гэж бодож байна.

  • Тойролтын хугацаанд олж авсан хамгийн чухал мэдлэг, чадвар?

Ха Хёжүн: Үйлчлүүлэгчтэй харилцах, асуумж авах, үзлэг хийх, эмнэлгийн тэмдэглэл хөтлөх, оёдол тавих, мэс заслын халат өмсөх, эмнэлзүйн сэтгэлгээ суух зэргийг үзсэн тохиолдол, туршлага дээрээ үндэслэн сайжрууллаа.

  • Хамгийн дурсамжтай үйл явдал юу байсан бэ?

Жүн Сюнгхан: Хүүхдийн өвчин судлалын тойролт дээр ALCAPA хам шинж хэмээх ховор өвчинтэй хүүхэд үзсэн нь хамгийн сонирхолтой байсан.

Ха Хёжүн: Мэс заслын өмнө гараа угааж, ариун халат өмсөж, мэс заслын эмчийн нэгдүгээр туслахаар мэс засалд оролцсон бөгөөд мэс заслын үеэр хийсэн бүхэн маань хамгийн сайхан үйл явдал байсан.

  • Тойролтын үед тохиолдсон хамгийн том сорилтуудын тухай ярьж өгнө үү.

Ха Хёжүн: Ихэнх сорилт бол хангалттай мэдлэггүй байхаас үүдэж байсан тул маш их хичээнгүйлэн уншиж, суралцаж, давтаж байлаа.

Жүн Сюнгхан: Миний хувьд том бэрхшээл тохиолдоогүй.

  • Гадаад оюутан АНУ-д тойролт хийхийн хамгийн давуу тал юу байсан бэ?

Ха Хёжүн: Тойролтын явцад Америк эмч нар өөрсдийн туршлагаасаа аль болох ихийг өгөх, туршлагаа хэрхэн сайжруулах тухай зааж зөвлөж байсан. Эмч нарын зэрэгцээ өвчтнүүд хүртэл бүх зүйлд тусалж дэмжиж байсан нь гадаад оюутанд эмнэлзүй болон соёлын  олон туршлагыг өгч чадсан.

Жүн Сюнгхан: Миний хувьд өвчтнүүдтэй шууд харилцах боломж нь хамгийн том давуу тал байсан гэж бодож байна.

  • АШУҮИС-ийн оюутнууд цаашид АНУ дахь дадлагаа илүү үр дүнтэй хийхэд  юун дээр анхаарах шаардлагатай гэж бодож байна вэ? Зөвлөгөө өгнө үү.

Жүн Сюнгхан: Англи хэлээ маш сайн эзэмших нь хамгийн чухал гэдгийг ойлгосон.

Ха Хёжүн: Эмнэлзүйн мэдлэгээ маш сайн сайжруулахын тулд илүү их уншиж, бие даан хичээллэх нь дадлагыг илүү үр өгөөжтэй, дурсамжтай болгох юм байна.

  • АНУ-д хийсэн энэ тойролт өөрийн тань цаашдын мэргэшлийн чиглэлээ сонгоход нөлөөлсөн үү?

Ха Хёжүн: Би маш олон зүйлийг шинээр үзэж харсан тул цаашдын нарийн мэргэшил сонголтын тухай олон зүйлийг бодогдуулсан.

Жүн Сюнгхан: Хүүхдийн өвчин судлалын тойролтын үеэр Хүүхдийн эмч болох тухай бодогдож байсан.

  • Тойролттой холбоотойгоор хэнд талархал илэрхийлмээр байна вэ?

Ха Хёжүн: Юуны түрүүнд АШУҮИС болон IEEA байгууллагын хамт

олондоо бидэнд энэхүү боломжийг олгосонд нь талархал илэрхийлье. Мөн АНУ-д хамт дадлага удирдсан эмч нар, уулзсан өвчтнүүддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Жүн Сюнгхан: Хүүхдийн эмчийн тойролт удирдсан Өмнөд Техас хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зүрхний эмч Olabiyi -д маш үр дүнтэй, сонирхолтой тойролт хийлгэсэнд талархал илэрхийлмээр байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.