АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хүний хөгжил, сэтгэл зүйн дэмжлэг, судалгааны төв, МУБИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэх” сургалтын төсөлт ажлыг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус төслийн үйл ажиллагааны тайлангийн хурал 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдав.
Энэхүү арга хэмжээнд АШУҮИС-ийн АУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хүний хөгжил, сэтгэл зүйн дэмжлэг судалгааны төвийн захирал, профессор Канеко Хитоши, профессор Номура Кенжи, Кана Ёокояама, Ито Таку, СЭМТ-ийн эрхлэгч АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн, МЯЭ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал А.Саруултүвшин, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг болон салбарын эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Тайлангийн хурлын үйл ажиллагааг нээж, АУС-ийн захирал АУ-ны доктор, профессор Я.Энхтөр үг хэлэн, хамтарсан сургалтын төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэн цаашид төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэв.
Монгол улсад Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн 97 жилийн түүхэнд анх удаа Япон улсын ЭМЯ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэх” хамтарсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж “Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалт”-ыг 6 сарын хугацаатай зохион байгуулж 3 жилийн хугацаанд хүүхдийн сэтгэцийн эмч 32-ыг бэлтгэлээ.
Уг төслийн хүрээнд Япон улсад хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэх тогтолцооны туршлагад тулгуурлан зөвхөн сэтгэцийн эмч нар бус, хүүхдийн эмч нараас хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэсэн онцлогтой бөгөөд сургалтад орон нутгийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд, СЭМҮТ-ийн эмч нар сонгогдон суралцсанаараа улсын хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Уг арга хэмжээний төгсгөлд хүүхдийн сэтгэцийн эмч бэлтгэх сургалтын цаашдын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, төслийн үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжихээр боллоо.




