АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Монголын Целиакийн холбоо, Монгол-Япон эмнэлгийн (МЯЭ) Дурангийн тасаг, Монголын Нейрогастроэнтерологийн нийгэмлэгээс АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Blue Hall-д “Helicobacter pylori, ходоодны микробиомын судалгаа ба целиакийн өвчний эмчилгээний менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад зочин илтгэгчээр АШУҮИС-ийн хүндэт профессор, АУ-ны доктор, профессор Ёшио Ямаока (Япон улсын Ойта их сургуулийн дэд захирал, Хүрээлэн буй орчин ба урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимийн эрхлэгч) хүрэлцэн ирж Helicobacter pylori-ийн орчин үеийн үзэл баримтлал, оношилгоо, эмчилгээний хамгийн сүүлийн дэлхий нийтийн чиг хандлагын талаар сургалт хийлээ.
Профессор Ёшио Ямаока АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн захирал П.Баясгалан нар уулзаж Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Тэнхим болон МЯЭ-н дурангийн тасгийн хамт олон Япон улсын Ойтагийн Их Сургуултай хамтран ходоодны хорт хавдар болон Хеликобактерийн оношилгоо эмчилгээтэй холбоотой 3 жилийн төсөлт ажлыг Япон улсын Өвсний Үндэс Техникийн хамтын ажиллагааны төсөлд өргөн барихаар бэлтгэж буй төслийн талаар санал солилцлоо.







