АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 19 эмч, эрдэмтэн, профессор багш нар 2025 оны 09 сарын 12-15-ний хооронд Ховд аймгийн Дарви суманд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.
Сумын 218 хүүхдүүд эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэнд, шүд угаах талаарх мэдлэг, дадлыг тодорхойлж, шүд цоорох өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгаа хийлээ. Сумын хүүхдүүдэд зонхилон тохиолдож буй шүд цоорох эмгэгээс урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан төлөвлөгөө боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх, Дарви сумын хүн амд зонхилон тохиолдож буй өвчлөл нас баралтын шалтгаан, эрсдлийг тодорхойлж, эрсдлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах, жил бүр ахиц дэвшлийг үнэлнэ.
ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, САНХҮҮЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ДАРВИ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЗӨВЛӨЛӨӨ.
Аливаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид тухайн эмнэлгийн санхүүжилт, төсөв, гүйцэтгэл, төлөвлөлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхмийн багш нар Дарви Сумын (Сумын Эрүүл мэндийн төв)-ийн нягтлантай хамтран Төсөв, гүйцэтгэл, төлөвлөлт, санхүүжилтийг үнэлж:
• ЭМДС-ийн нэхэмжилсэн, олголтын зөрүүг нарийвчлан тооцох,
• ЭМДС-ийн нэхэмжилсэн дүнгийн хасалтыг бууруулах
• СЭМТ-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, арга аргачлал боловсруулах
• Өдрийн эмчилгээ, Хэвтүүлэх тусламж үйлчилгээний өртгийг чиглэл тус бүрээр нарийвчлан тооцох зэрэг ажлуудад зөвлөж байна.
СУМЫН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АГААРЫН ЧАНАР ХӨРСНИЙ ДЭЭЖ АВАХ, БОХИРДЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭГ ХИЙЛЭЭ. Үүнд: Сумын эрүүл мэндийн төв, өрхийн гадна дотор агаарын РМ2.5 тоосонцор, агаарын температур, чийглэгийг хэмжиж, сумын төвийн 5 худгаас ундны усны сорьцоор F, хатуулаг, рН, Fe, Mn, Mg, Ca, сульфат, хлорид шинжилж, хөрсний дээж бохирдлын шинжилгээгээр хөрсний ялзмагийн хэмжээ, хөрсний орчин pH, давсжилт, шим тэжээлийн бодисуудын хангамж, химийн үзүүлэлтүүдийн шинжилгээг тус тус хийлээ.
СУМЫН 800 ГАРУЙ ИРГЭД, 350 ГАРУЙ ХҮҮХДЭД НҮҮР АМНЫ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ. АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэдрэл судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор Ц.Баясгалан, Зүрх судлалын тэнхимийн багш, АУ-ы доктор Ц.Сумьяа, Хүүхдийн анагаахын тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы доктор О.Солонго, Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр Ц.Наранцэцэг, Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы магистр Д.Эрдэнэсувд, Радиологийн тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы магистр Ц.Цахим-Эрдэнэ нийт 6 багш
Мэдрэлийн эмгэгийн эмчийн үзлэг
Хүүхдийн өвчний эмчийн үзлэг
Сэргээн засах эмчийн үзлэг
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
Хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо
Дотрын эмчийн үзлэгийг нийт 800 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэлээ.
Яаралтай тусламж – Үзлэгийн өдрүүдэд яаралтай түргэн тусламжаар 3 хүүхэд эмнэлэгт хандан эмчилгээ, зөвлөгөө авсан, элэгний хорт хавдар 2, давсагны хавдрын 1 тохиолдол хэт авиан шинжилгээгээр оношлогдов. Хавдрын сэжигтэй тохиолдлуудыг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт үзүүлэн тусламж үзүүлэхээр боллоо.
Нүүр ам судлалын сургуулийн АУ-ны доктор,дэд профессор, Зөвлөх эмч, НАСС, НАСТЭ-ийн захирал Б.Батбаяр, АШУҮИС-Дент эмнэлгийн эрхлэгч Б.Цолмон, АШУҮИС-ийн редидент эмч Ж.Баянмөнх, Э.Энэрэл, Б.Дарханбаяр, П. Номинзул, Т. Цогзолмаа гэсэн нийт 7 багш, эмч нар 18 хүртэлх насны хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ үзлэг хийж нийт 350 хүүхдэд зөвлөгөө, 4600 шүдэнд фторт түрхлэг, 335 шүдэнд сийлант, 433 шүдэнд сафоройд түрхлэг, 249 шүдний ломбо (сүүн шүдний ломбо, байнгийн шүдний өнгөц цоорлын ломбо, байнгийн шүдний дунд цоорлын ломбо, байнгын шүдний гүн цоорлын ломбо) 144 сүүн шүд болон 14 байнгын шүд авалт эмчилгээнүүдийг хийв.Яаралтай түргэн тусламжаар 2 хүүхэд эмнэлэгт хандан нүүр амны мэс заслын эмчилгээ, зөвлөгөө авав. Үзлэг эмчилгээнд хамрагдсан нийт хүүхэд, асран хамгаалагч нарт шүд угаалт, оо сойзны сонголт түүний хэрэглээ зэрэг амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг орлоо.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.





















