АШУҮИС, БНСУ-ЫН ДЭГҮ ХАНИ ИХ СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд БНСУ-ын Дэгү Хани Их сургуулийн ректор Бён Чанг Хүн болон холбогдох албаны хүмүүс айлчиллаа. Энэхүү уулзалтын хүрээнд хоёр их сургууль цаашид хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцож, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Дэгү Хани Их сургуулийн ректор Бён Чанг Хүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол анагаах ухааны олон сургууль, хүрээлэн, эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн түүнчлэн боловсролын чиглэлд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутан судлаач солилцоо сэдвээр, судалгаа хөгжүүлэлт, технологи дамжуулах чиглэлд хамтарсан суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний шаардлагад тавигдах стандартыг сайжруулах, шалгалт баталгаажуулалтын төв байгуулах сэдвүүдээр мэргэжлийн багууд хуралдаж хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.

Мөн түүнчлэн Дэгү Хаани их сургуулийн 100 оюутан Монгол анагаах ухааны олон улсын эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, лекц сонслоо.