АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIH) санхүүжилтээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), АНУ-ын Техасын Их Сургуулийн Анагаахын Салбар (UTMB), Дюк Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын Хүрээлэн буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв” байгуулах төслийн 4 дэх хурал 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд АНУ-ын Техасын Их Сургуулийн Анагаах Салбар сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор, доктор Грегори Грей, Дюк Их Сургуулийн Николасын Хүрээлэн буй орчны сургуулийн профессор, Орчны шинжлэх ухаан, бодлогын хэлтсийн дарга профессор Жунфен Жан, Дюк Их Сургуулийн Эрчимт эмчилгээ, уушги болон харшил судлалын тэнхимийн дэд профессор, Орчны шинжлэх ухаан, бодлогын хэлтсийн дэд профессор Роберт Тайги, Дюк их сургуулийн Пратт сургуулийн Стернбергийн Иргэн ба байгаль орчны инженерчлэлийн профессор Майкл Бергин, болон Эрүүл Мэндийн Яам, ДЭМБ, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Нийслэлийн Агаарын Бохирдлыг Бууруулах Газар, НЭМҮТ, төрийн бус байгууллагууд болон бусад холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож, төслийн үр дүнг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хурлыг нээж АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж үг хэлэхдээ, уг төслийн хүрээнд хийгдэж буй судалгаа, шинжилгээ нь Монгол Улсын агаарын бохирдол, хүнд металлын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой талаар онцлон тэмдэглэв. Мөн АНУ-ын Техасын Их Сургуулийн Анагаах Салбар сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор, доктор Грегори Грей хурлын ач холбогдлыг тодотгож үг хэллээ.
Төслийн үндсэн судлаач (PI/PD) АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, АУ-ы доктор, профессор Д.Даваалхам төслийн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, явцыг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр төслийн хүрээнд “Монголын Хүрээлэн буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв”-ийг байгуулан 800 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 15 судлаач АНУ-ын Дюк болон Техасын Их Сургуульд 3 сарын хугацаагаар сургалтад хамрагдан, чадавхжсаныг дурдав.
Тус төслийн хүрээнд Улаанбаатар, Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлаж байгаа юм. Судалгааны үндсэн багт 20 гаруй судлаачид, багш нар ажиллаж байгаа бөгөөд НЭМ, орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, вирус судлал, анагаах ухаан, молекул биологи, биостатистикийн салбарын 50 гаруй гишүүн хамтран ажиллаж, 8 магистрант, 2 докторант судалгааны үр дүнгээр хамгаалахаар төлөвлөж байна.
Төслийн баг судалгааны эхний үр дүнг олон улсын өндөр импакт фактор бүхий сэтгүүлүүдэд амжилттай хэвлүүллээ.. Үүнд:
И-Хүй Гэ (1-р зохиогч), Д.Даваалхам (Хариуцлагатай зохиогч) нарын “Interactive Effects of Ambient Pollutants and Viral Exposure on Daily Influenza Hospital Visits in Mongolia” (Environmental Research, Q1, Citescore 14.7, IF=7.7, January 2025)
Г.Жаргалсайхан (1-р зохиогч), Жунфен Жан (Хариуцлагатай зохиогч) нарын “Particulate Matter Exposure and Viral Infections: Relevance to Highly Polluted Settings such as Ulaanbaatar, Mongolia” (Current Environmental Health Reports, Q1, Citescore 14.7, IF=7.4, April 2025)






















