Олон улсын оюутан солилцоо хөтөлбөр нь 2025.05.18-05.24-нд зохион байгуулагдсан бөгөөд Эм зүйн сургуулийн II, III, IV дамжааны нийт 16 оюутан, нэг багшийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Нээлтийн үйл ажиллагаа 2025.05.19-нд зохион байгуулагдсан бөгөөд нээлтэд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал Д.Даваадагва цахимаар оролцсон. Жэнжөү-ийн үйлдвэрлэл технологийн их сургуулийн ерөнхийлөгч Ян Бинг, дэд ерөнхийлөгч Жиа Шэн Цян, Эм зүй сургуулийн захирал Цэн Ши Хонг, Олон улсын боловсролын сургуулийн захирал Жэн Шиао Ханг, Эм зүйн сургуулийн багш Д.Буянхишиг болон эм зүйн сургуулийн оюутан төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ян Бинг Монгол улсаас ирсэн багш, оюутнуудыг халуун дотноор угтан авч сургуулийн хөгжлийн явц, онцлог, мэргэжлийн чиглэл, олон улсын солилцооны ололт амжилтыг товч танилцууллаа. Энэхүү эрдэм шинжилгээ, судалгааны солилцоо нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайн эхлэл болж байгааг онцолсон. Мөн дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Үүнд:
1.Оюутан, багш солилцооны хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх
2.Хамтарсан магистр бэлтгэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
3.Олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх
4.Хамтарсан оюутны дадлага хийлгэх
Монгол Улсын АШУҮИС-ын Эм зүйн сургуулийн захирал Д.Даваадагва нь цахим илтгэлдээ БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж Жэнжөү-ийн үйлдвэрлэл технологийн их сургуултай гар нийлүүлэн ажиллаж, эм зүйн боловсролын инноваци, хөгжлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, сайн эм зүйч мэргэжилтэнг төлөвшүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Оюутан солилцох хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа:
1.Хятад хэлний хичээл
2.Мэргэжлийн хичээл: Ургамал судлалын дадлага хичээл
3.Эм зүйн сургууль, эрдэм шинжилгээний лабораторуудтай танилцах дадлага
4.Соёлын солилцооны арга хэмжээ: Цайны ёслол, уран бичлэг
5.Жэнжөү хотын түүхэн дурсгалт газруудаар зочлох зэрэг үйл ажиллагаануудад хамрагдсан.
Сургалтын төгсгөлд оюутнуудын эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлэх шалгалт амжилттай зохион байгуулагдаж, Олон улсын боловсролын сургуулийн захирал Жэн Шиао Ханг батламж гардуулсан. Энэхүү хамтын ажиллагаа нь оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхээс гадна Монгол, Хятадын эм зүйн боловсрол, эрдэм шинжилгээний харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.







