“МОНГОЛ–ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН 3 ДАХЬ УДААГИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Хамтарсан Зохицуулах Хорооны 3 дахь удаагийн хурал 2025 оны 6-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд хурлыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал даргалан удирдаж, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, Хөрөнгө оруулалтын газрын захирал Ж.Дэлгэржаргал, АШУҮИС-ийн ректор профессор Б.Дамдиндорж болон удирдлагууд, Монгол–Японы эмнэлгийн төлөөлөл, Япон улсыг төлөөлөн Монгол дахь Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Мизүно Юко, ЖАЙКА оффисын Эрүүл мэндийн 4-р хэлтсийн дарга Сато Риэ, ажилтан Сато Шинжи, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнзүкэ, төслийн багийн удирдагч Акаикэ Масаши нар болон Япон Улсын Токүшимагийн Их Сургууль, Эхимэгийн Их Сургууль, KRC зөвлөх компанийн төлөөлөгчид тус хуралд оролцож, төслийн хэрэгжилтийн тайлан, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, санал солилцлоо. Төслийн зорилго нь Их сургуулийн эмнэлгийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, эмнэлгийн тогтвортой менежмент, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх юм. Энэхүү төсөл нь Монгол, Япон хоёр орны эрүүл мэнд, боловсролын салбарын түншлэлийн тод жишээ болон амжилттай хэрэгжиж байна. АШУҮИС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА Олон Улсын байгууллага, төслийн багийнханд энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд удаан хугацааны техникийн хамтын ажиллагаа, бодит дэмжлэг үзүүлж буйд гүн талархал илэрхийллээ.