ИХ СУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЫН ЭРЭМБЭ, ДОКТОРЫН ДАРААХ ХӨТӨЛБӨР: ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар төрийн өмчит зургаан их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Их сургуулиудын олон улсын эрэмбэ, докторын дараах хөтөлбөр: Туршлага, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй их, дээд сургуулийн удирдлага, багш, ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийг Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж нар нээж, олон улсын эрэмбэ, докторын дараах сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх туршлага, хамтын ажиллагааны боломжийг хөндсөн илтгэлүүд тавигдлаа.

Зочин илтгэгчээр:

МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Н.Пүрэвцогт “THE олон улсын эрэмбийн аргачлал, МУИС-ийн туршлага” сэдвээр,

АНУ-ын Аугуста их сургуулийн профессор E. Andrew Balas “Are University Rankings Useful to Improve Research? A Systematic Review” сэдвээр,

“Round University Ranking” байгууллагын төлөөлөгч, редактор Oleg Solovev олон улсын эрэмбэ тогтоох аргачлалын талаар тус тус илтгэл танилцууллаа.

Мөн:

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан тус сургуулийн докторын дараах хөтөлбөр хэрэгжүүлж буй туршлага, МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайван тус сургуулийн пост-докторын туршлага, үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд төрийн өмчийн их сургуулиудыг олон улсад эрэмбэлүүлэх, докторын дараах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломж, шийдлийн талаар их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан проректорууд санал солилцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, холбогдох төрийн байгууллага болон их, дээд сургуулиудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

YOUTUBE LINK: https://www.youtube.com/live/F7wLnkZy9vY