ГЕМОФИЛИЙН ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 4 дүгээр сарын 17-нд Гемофилийн дэлхийн өдөр тохиодог бөгөөд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гемофилийн төв, Үйлчлүүлэгчийг дэмжих алба, АШУҮИС-ийн Цус судлалын тэнхим хамтран тус эмнэлэгт “Охид эмэгтэйчүүдэд тохиолдох цус гоожимтгой эмгэгийг илрүүлэх нь” уриан дор тэмдэглэн, 100 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд цус багадалт, цус гоожимтгой эмгэгүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, эрсдэлийг үнэлэх асуумжийг цуглуулан дүн шинжилгээ хийлээ. Охид, эмэгтэйчүүдийн хувьд зарим тохиолдолд өвчин нь оношлогдохгүй удаан хугацаанд явснаас цус багадах, шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадаагүйгээс жирэмслэх болон төрөх явцад цус алдах эрсдэл, цус багадалтаар хүндэрдэг тул эрт илрүүлэх шаардлагатай байдаг.

Төрөлхийн цус гоожимтгой эмгэгүүд элбэг биш, нас хүйс хамааралгүй тохиолдох бөгөөд эрт илрүүлж, , зөв оношилж , эмчлэх нь, тэдний амьдралын чанарыг сайжруулах, цус алдах эрсдэлээс зайлсхийх, цус багадалтаас сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Иймд шалтгаангүй хамраас цус гоождог, бие дээгүүр толбот цусан тууралт гардаг, мэс засал болон төрсний дараа цус гоожилт илэрдэг, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг шалтгаан тодорхойгүй их хэмжээтэй ирдэг, шалтгаангүй цус багадалт үүсдэг охид эмэгтэйчүүд төдийгүй хөвгүүд манай илрүүлэг судалгаанд оролцож зөвлөгөө авах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол-Японы эмнэлгийн Гемофилийн төвд гемофили болон бусад төрөлхийн цус гоожимтгой эмгэгүүдтэй өвчтөнүүдийг бүртгэлжүүлэн, рекомбинанат фактор нөхөх эмчилгээ хийгдэж байна. Бидний энэ жилийн зорилго бол Фон Виллебрандын өвчний тохиолдлыг оношилж илрүүлэхэд чиглэж байна.

Монгол-Японы эмнэлгийн цус судлалын дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд:

Цус багадалтын оношилгоо эмчилгээ

Цус гоожимтгой эмгэгүүдийн оношилгоо эмчилгээ

Цус бүлэнтэх эмгэгүүдийн оношилгоо эмчилгээ

Цусны хавдруудын оношилгоо эмчилгээний зөвлөгөө

Төмрийн солилцооны эмгэг

Цус задралын оношилгоо эмчилгээ

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!