МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХ АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ШАВИЙГ ТАВЬЖ, БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХ АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ШАВИЙГ ТАВЬЖ, БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хөгжил, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвийн 25,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 600 оюутны Хичээлийн байр, 350 оюутны Дотуур байр, 250 оюутны багтаамжтай Номын сан, Соёлын төв, спорт эко орчин бүхий нийт 10,500 мкв Цогцолбор барилгын Шав тавих ёслолын арга хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан, Аймгийн Засаг дарга О.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр нарын удирдлагууд, АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үе үеийн ахмадууд, удирдлага, багш, ажилтан, оюутан залуус, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

АШУҮИС-ийн удирдлагууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, дэд бакалавр болон бакалаврын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Салбар сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулж сургалтын хөтөлбөрүүдийн чанарын баталгаажуулалтыг хангах, эрдмийн зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх, багш нарын судалгааны төслийг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын сэтгүүлд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

Мөн Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, ЭМГ-ын удирдлагуудтай уулзалт хийж, багш, ажилтны ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, элсэлт, эрдэм шинжилгээ судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургуулийн эмнэлгийн хөгжлийн үйл ажиллагааг сайжруулах, цаашид хамтран ажиллах талаар зөвлөлдөж санал солилцлоо.

Салбар сургуулийн хамт олондоо ажлын амжилт хүсье.