АШУҮИС, БАС, Молекул биологи-Удамзүйн тэнхим, Био-Анагаахын хүрээлэнгийн Молекул биологийн сектор хамтран Говь-Алтай аймгийн боловсролын газрын захиалгаар “Молекул биологийн аргуудын зарчим, хэрэглээ” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг 2025 оны 04 дугаар сарын 01-04-ний хооронд зохион байгууллаа.
Уг сургалтад Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бигэр, Дарив, Дэлгэр, Гуулин, Тайшир, Төгрөг, Тонхил, Цогт, Чандмань, Есөнбулаг сумын 2, 3, 4, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулиудаас биологи – эрүүл мэнд, биологи – байгаль шинжлэлийн 18 багш оролцлоо.
Сургалтаар “Нуклеин хүчил (ДНХ/РНХ)-ийг ялгах аргууд, хэрэглээ, дэвшилтэт технологид суурилсан нуклеин хүчил ялгах төхөөрөмж, аргачлалууд, тэдгээрийн үндсэн зарчим”, “Полимеразын гинжин урвал, түүний төрлүүд ба үндсэн зарчим, онолын үндэс, хэрэглээний тухай ерөнхий ойлголт”, “Гель электрофорезын арга, зарчим, төрөл, хэрэглээ” “Биоинформатикийн судлах зүйл, хэрэглээ” зэрэг молекул биологийн суурь аргууд, тэдгээрийн онолын талаар нийт 4 цагийн лекц, нуклеин хүчил ялгах, гарц цэвэршилт тодорхойлох, энгийн ПГУ болон бх-ПГУ-ын холимог найруулан, үр дүнд анализ хийх, агарозын гель бэлтгэж, гель электрофорез явуулах, үр дүнг унших, онлайн программууд ашиглан ДНХ-ийн дараалалтай ажиллах, харьцуулалт хийх, ДНХ дараалалд суурилж хайлт хийх зэрэг сэдвээр 10 цагийн дадлага явууллаа.
Сургалтыг АУ-ы доктор, профессор Ж.Сарантуяа, АУ-ы доктор, дэд профессор Ж.Жамбалдорж, АУ-ы доктор, дэд профессор Я.Мөнхдэлгэр, АУ-ы магистр Б.Золзаяа, АУ-ы магистр А.Номинзул, АУ-ы магистр Ө.Элбэрэлт, АУ-ы магистр Б.Халиун багш нар эмнэлзүйн болон онолын цогц мэдлэг, чадварыг жижиг бүлгийн сургалтаар олголоо.
Орон нутгийн ЕБС-ийн биологийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлж, цаашлаад ахлах ангийн сурагчдад молекул биологийн үндсэн ойлголтыг таниулахад үр өгөөжтэй сургалт боллоо.


