ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВД АЖИЛЛАХ ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЮТАГИЙН ИХ СУРГУУЛЬД БЭЛТГЭНЭ

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээний цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний 2 дугаар төв” байгуулах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Р.Сэддорж, Н.Алтаншагай, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, Хөхний төвийн дарга П.Батсүх нар Юта мужийн Сенатын Ерөнхийлөгч Стюарт Адамсын урилгаар ажиллаж, Ютагийн их сургуулийн ерөнхийлөгч Тэйлор Рэндолл, Utah Health-ийн захирал Боб Картер, Глобал мэс заслын олон улсын төвийн захирал Рэймонд Прайс болон тус сургуулийн удирдлагууд, Ханцман хавдрын хүрээлэнгийн удирдлагуудтай уулзан боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тогтлоо.

Ютагийн их сургууль, АШУҮИС-ийн хооронд эмч, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамтран бэлтгэх, эрдэм шинжилгээний бүтээл, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ютагийн их сургууль нь 175 жилийн түүхтэй, АНУ-ын их сургуулиудын эрэмбээр эхний 50-д багтдаг, дөрвөн Нобелийн шагналтантай, 35,000 оюутантай, 5,000 орчим багштай, эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр АНУ-ын тэргүүлэх судалгааны байгууллагуудын нэг бөгөөд дэлхийд анхны хиймэл зүрхний мэс засал хийснээрээ алдартай юм. Тус их сургуулийн Ханцман хавдрын хүрээлэн нь хавдрын шинэ эмчилгээ, технологиороо дэлхийн тэргүүлэгчдийн нэг бол Utah Health, Анагаах ухааны сургууль нь баруун бүсийн шилдэг анагаахын сургуулиудын нэг юм. Түүнчлэн Юта мужийн эрүүл мэндийн технологийн компаниудын удирдлагуудтай уулзан, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэ технологийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.