БНСУ-ын Чунгнам Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны коллежийн “Pride” судалгааны хүрээлэнгээс 2 дахь удаагаа зохион байгуулж буй “The 2nd International Symposium of PRIDE Laboratory: Bridging Science and Global Health Challenges in Tuberculosis” Олон улсын хуралд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, Шинжлэх ухаан технологийн газрын дарга, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр, Эрдмийн сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор А.Шийрэвнямба, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш Б.Мөнх-Ундрах нар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд урилгаар оролцсон юм.
Уг хуралд БНСУ, Япон, Монгол, АНУ, БНИУ-ын эрдэмтэн профессор, судлаачид оролцож, Сүрьеэ өвчний шинэ менежмент, эрт илрүүлэг, дархлаажуулалтын талаар өргөн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн.
Хурлын 3 дугаар хэсгийг АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр, АУ-ны доктор, дэд профессор А.Шийрэвнямба нар даргалж, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан “The effect of Pandemic on the National TB Program in Mongolia ” сэдвээр, Б.Мөнх-Ундрах “The state of pulmonary tuberculosis treated at the National Center for Communicable Diseases of Mongolia” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
Үйл ажиллагааны 2 дах өдөр Chungnam их сургуулийн эмнэлэг, хүрээлэн, анагаах ухааны сургуультай танилцаж, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон улсын тэтгэлэг, оюутан багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тус сургуулийн удирдлагуудтай санал солилцов.
Хөтөлбөрийн 3 дах өдөр Chungnam их сургуулийн гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгчтэй уулзалт хийж, их сургуулийн төв кампус, K Bio-Health сан, New drug development center, TIPS хөтөлбөр, Т cell therapy гарааны компани, БНСУ-ын Засгийн газрын судалгаа хөгжил, технологийн инкубатор, гарааны бизнест үзүүлж буй дэмжлэгтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцов.