МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАТОРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН”-Д АШУҮИС-ИЙН БАГШ СУДЛААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эдийн засаг, хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо хамтран Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулан “Зохион бүтээгч, инноваторуудын анхдугаар чуулган”-ыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус чуулганд АШИУҮС-ийн ректор Б.Дамдиндорж, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, Эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндагва, Шинжлэх ухаан технологийн газрын дарга Д.Отгонбаяр нар оролцлоо. Чуулганаар “Монголчуудын оюуны бүтээлийн үнэ цэнэ”, “Оюуны өмчийн хамгааллын асуудал”, “Үндэсний инновацын тогтолцоо ба хамтын ажиллагааны боломж” зэрэг онцлох илтгэлүүд тавигдаж, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд санал, шийдлээ хуваалцсан байна. Энэхүү чуулганы арга хэмжээний хүрээнд “Зохион бүтээгч, инженерүүдийн үзэсгэлэн” зохион байгуулагдан АШУҮИС-ийн багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, шинэ технологи болон инновацын бүтээгдэхүүнүүд олон нийтэд амжилттай танилцууллаа. Тухайлбал, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо, Эм зүйн сургуулийн багш Д.Буянхишиг, Ц.Маралмаа, Эрдмийн сургуулийн докторант Л.Ариунзаяа, Дархан Анагаах ухааны салбар сургуулийн М.Баяржаргал нар нийт 20 биет бүтээлийг үзэсгэлэнд танилцуулж Био-Анагаах сургуулийн багш доктор, дэд профессор Л.Энхсайхан, арга зүйч Д.Сансармаа, доктор, профессор Д.Тэмүүлэн нар нийт 7 ханын илтгэл танилцуулж амжилттай оролцлоо. АШУҮИС-ийн оюуны өмчийн эрхтэй бүтээлийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2024 оны байдлаар нийт зохиогчийн эрхийн гэрчилгээ 397, шинэ бүтээлийн патент 17, ашигтай загварын патент 18, барааны тэмдэгт 6, бүтээгдэхүүний загварын патент 3 бүртгэгдсэн байна. 2024 онд Био-Анагаахын сургуулиас Ашигтай загварын патенттай 3 бүтээл, Монгол уламжлалт анагаах ухааны сургуулиас Шинэ бүтээлийн патенттай 2 бүтээл, бүтээгдэхүүний загварын патент 1 бүтээл шинээр бүртгэгдсэн байна.