ХАМТЫН АЖИЛЛАГААТ СУМДЫН ЭМТ-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Их Тамир сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, эдгээр сумдыг жишиг болгон хөгжүүлэх чиглэлээр шат дараалсан үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд дээрх сумдын Эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнуудад дараах чиглэлээр чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:

Эмнэлгийн менежмент, хүний нөөц болон үйл ажиллагааны менежмент (үйл явцын зураглалд суурилсан сайжруулалт) сэдвээр АШУҮИС-ийн МЯЭ-ийн үйл ажиллагаа, санхүү эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэндийн бодлогын тэнхимийн багш Э.Батмандуул нар

Амилуулах анхан болон лавшруулсан тусламж үйлчилгээ сэдвээр АУС-ийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн багш С.Бурмаа танхимын болон практик сургалт,

Эерэг хандлага, тогтвортой харилцаа, итгэлцэл бий болгох ур чадварын сургалтыг “Зөөлөн ур чадвар”-ын сургагч багш Ж.Нармандах, Х.Сарангэрэл нар удирдан явууллаа.

Энэхүү сургалт нь орон нутгийн эмнэлгийн удирдлагын манлайллыг дэмжих, чанартай тусламж үйлчилгээг тогтмолжуулах, багийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн юм.