АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

НЭМС-ийн захирал Д.Даваалхам, НЭМХ-ийн захирал Л.Хоролсүрэн нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай 2024 оны 11 сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны 5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран байгууллага хоорондын ба үндэсний хэмжээний сургалт судалгааны ажил гүйцэтгэх, олон улсын төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, инновацад суурилсан судалгаа хөгжүүлэлтийн ажил хийж, үр дүнг үйлдвэрлэл, практикт туршин нэвтрүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх баг байгуулан ажиллах болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, тус сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ХАБЭА-ын хэлтсийн дарга Д. Мөнхболд, Эрүүл ахуйн товчооны дарга О.Алтансүх болон тус үйлдвэрийн газарт ажиллаж буй НЭМС-ийн төгсөгчидтэй уулзалт хийлээ. 2025 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын байрны хортой аюултай хүчин зүйлс, эрсдэл, ажилтнуудын хоол шим тэжээл, зан үйл чиглэлээр хамтарсан сургалт, судалгаа хийхээс гадна НЭМС-ийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах, НЭМХ-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээ хийх ажлуудыг тусгахаар боллоо.

Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүтэц, үйл ажиллагаатай танилцан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн нэрэмжит “Аюулыг таниулах төв”-тэй танилцаж үйлдвэрлэлийн явцад үүсч болох эрсдэл, аюулыг аюулгүйгээр таниулах арга, туршлагыг судлав.