АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА

1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш МАХН, Засгийн газраас ард түмний эрүүлийг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг чухал үр дүн бол эмнэлгийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэх явдал байжээ. БНМАУ-ын Ардын Эрүүлийг Хамгаалах яамны 1929 оны 11-р сарын 15-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотод Сувилагчийн сургуулийг 20 сурагчтай 27.500 төгрөгийн төсөвтэйгээр байгуулсан нь орчин цагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх эх үндэс болсон билээ.

Монголчууд шинэ цагийн боловсрол, шинжлэх ухааны үр шимийг хүртэж дотооддоо үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг болсноос хойш нэгэн зууныг элээжээ. Энэ түүхийн 95 жилийг нь “Сувилагчийн сургууль” хэмээх анагаах ухаан, эрүүл мэндийн боловсролын салбарын ууган сургуультай хамт үдсэн байна. Бие даасан сургууль болон зохион байгуулагдахаас өмнөх курсын үйл ажиллагааг нь оруулан тооцвол бүр ч олон жилийн түүхтэй.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 95 жилийн түүх бол Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарын бодит түүхийн салшгүй хэсэг юм. Тус сургууль байгуулагдсанаар эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэдэг боловсролын тогтолцоог курсын сургалтаас мэргэжлийн боловсролын түвшинд шилжүүлж чадсан төдийгүй дээд боловсролын тогтолцоонд шилжин, эрүүл мэндийн салбарын хэрэгцээт боловсон хүчнүүдийг тасралтгүй бэлтгэсээр ирсэн түүхэн гавьяатай.

Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэе.