АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь “Сувилахуйн шинжлэх ухааны онол практикт тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэн тусгах нь” олон улсын VI хуралдааныг зохион байгуулж, сувилахуйн боловсрол ба манлайлал, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлаар хэлэлцэн, гадаадын бусад орны судлаачидтай мэдлэг, туршлагаа солилцож байна.
Тус хурал нь 2024 оны 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ба АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль үүсч байгуулагдсаны болон Монгол Улсад сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог юм. Хуралд АНУ, Их Британи, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын сувилахуйн эрдэмтэн, профессор, багш, судлаачид оролцож байгаагаас гадна Монгол Улсын өнцөг булан бүрээс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна. Хурлын үеэр эмнэлгүүд болон сургуулиуд өөрсдийн тэргүүн туршлагаа солилцох, бие биеэсээ суралцах, мэдлэгээ тэлэх таатай боломжийг олгосон үзэсгэлэн гаргасан байгаа нь өвөрмөц байлаа.
Эрдэм шинжилгээний олон улсын хуралд сувилахуй, эх барихуй, эрүүл мэндийн чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээ судалгааны 100 гаруй бүтээл ирснээс 20 илтгэлийг хэлэлцүүлэх ба эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачдад танилцуулж туршлага хуваалцах зорилгоор илтгэлийн хураангуйг цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болгоно.
Та бүхэнд эрүүл энх, саруул сайхныг хүсье.