Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн докторантын сургалтын суралцагсдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, амжилттай хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ph.D Day 2024” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болсон 90 гаруй докторантууд оролцлоо. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь докторантын сургалтад суралцагсдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, амжилттай хамгаалахад дэмжлэг үзүүлэх, туршлага судлах, харилцан суралцах, судалгаа хийхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Тус өдөрлөгийн зочин илтгэгчээр АШУҮИС-ийн проректор АУ-ы доктор дэд профессор Ц.Билэгтсайхан, Нидерланд улсын Гронингений их сургуулийн профессор Pieter Dijsktra, АУС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Б.Оюунтөгс, Математикийн ухааны доктор Ж.Болор нар оролцон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Цаашид энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АШУҮИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлье.