БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЙД ЧОЙ КЁ-ЖИН БОЛОН МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын сайд Чой Кё-Жин, Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон албаны төлөөлөл 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зочилж, албан уулзалт хийлээ.

Уулзалтаар:

1. Шинжлэх ухаан, судалгаанд суурилсан мэдлэг, оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, өндөр стандарттай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлийн эргэлтэд оруулж төр, их дээд сургууль, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй үйлдвэрлэгч улс болох БНСУ-ын туршлагаас суралцах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,

2. Монгол улсын Эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах,

3. Хоёр улсын эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хооронд 2+2, 2+3 болон 2+4 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх,

4. Уламжлалт анагаах ухаан, биотехнологид суурилсан шинжлэх ухаан технологийн паркыг байгуулах,

5. Уламжлалт эмийн үйлдвэрлэлийн технологи, чанар, аюулгүй байдлын лаборатори байгуулахад хамтран ажиллахаар санал солилцлоо.

Энэхүү айлчлал нь Монгол улс болон БНСУ-ын их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг БНСУ-ын их, дээд сургуулиудад төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалтад хамруулах, багш оюутныг богино хугацааны академик болон соёлын солилцоонд хамрагдуулах, хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх, эмнэлзүйн дадлага зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хамтран хэрэгжүүлж, боловсролыг дэмжих чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцлоо.