2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвд эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн 80 жилийн ойн хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор, Академич Б.Жав агсаны нэрэмжит Резидент эмч нарын “Эмнэлзүйн ур чадварын олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад урилгаар Б.Жав агсаны гэр бүлийнхэн, АУ-ы доктор, профессор Ж.Сарантуяа, АУ-ы доктор Л.Үнэнцацрал, АУ-ы магистр Л.Туяацацрал, ЭБЭСТ-ийн ахмад багш нар, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, НӨАГ, НХАГ, НААГ-ын удирдлага, зөвлөх эмч нар, төлөөллүүд ирж оролцлоо.
Олимпиадыг АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор Б.Болорчимэг нээн, АУ-ы доктор, дэд профессор Ж.Лхагвасүрэн, МУГЭ, Дэд профессор Г. Мэндсайхан оролцогчдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд “Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн түүхийн жимээр” сэдэвт хүндэтгэлийн лекцийг уншлаа.
Олимпиад нь оролцогчдын онолын мэдлэг, гардан үйлдлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, эмнэлзүйн шийдвэр гаргалтыг үнэлэх зорилготойгоор
I үе шат: Онолын сорил
II үе шат: Гардан үйлдлийн ур чадварын үнэлгээ
III үе шат: Эх барихын яаралтай тусламжийн багийн даалгавар болон багийн ахлагчдын асуулт хариултын тэмцээн гэсэн гурван үе шаттайгаар явагдав.
Мөн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид болон бусад оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.
Олимпиадад оролцсон багууд өндөр түвшний өрсөлдөөн үзүүлж,
I байр – Femcare баг
II байр – Энэрэл баг
III байр – Найрамдал баг
IV байр – Aurora баг тус тус эзлэв.
Энэхүү олимпиад нь резидент эмч нарын мэдлэг, ур чадварыг сорихоос гадна эх барих, эмэгтэйчүүд судлалын тусламж үйлчилгээнд шаардлагатай багаар ажиллах чадвар, эмнэлзүйн сэтгэлгээ, шуурхай шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




































