АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт анагаахын их эмчийн хөтөлбөрийн III дамжааны 78 оюутан эмийн ургамлын зуны хээрийн дадлагад хамрагдан, батлагдсан удирдамжийн дагуу сургалт, дадлагын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.
Тус дадлага нь төрийн өмчийн зургаан их сургуулийн хамтарсан хөтөлбөр хэрэгжиж буй ХААИС-ийн Төв аймгийн Борнуур сум дахь “Нарт” сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төв-ийг түшиглэн 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дадлагыг Уламжлалт жор судлалын тэнхимийн дэд профессор Ж.Байгалмаа удирдан ажиллалаа.
Хээрийн дадлагын хүрээнд оюутнууд Ургамал судлал, Эмийн түүхий эдийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ бодит орчинд бататган, эмийн ургамлыг таньж тодорхойлох, зөв цуглуулах, хатаамал бэлтгэх, эмийн түүхий эдийг стандартын дагуу хатаах, ангилах, хадгалах, хаяглах арга зүйд дадлагажиж байна. Мөн 100-аас доошгүй төрлийн эмийн ургамал, эмийн түүхий эдийг таньж мэдэх, ялган тодорхойлох чадвар эзэмшиж байгаа нь цаашид эмийн жор судлал, эмнэл зүйн жор судлалын хичээлүүдийг амжилттай судлах онол, практикийн чухал суурь болж байна.
Түүнчлэн монгол эм тан бэлтгэхэд хэрэглэгддэг эх орны эмийн ургамлыг зөв таних, зохистой ашиглах, тэдгээрийн тархац, нөөцийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эмийн ургамлыг хамгаалах, арвижуулах, нөөцийг үнэлэх анхан шатны арга зүйтэй танилцаж, эмийн түүхий эд бэлтгэх үндсэн ажилбаруудыг бие даан гүйцэтгэн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж байна.
Энэхүү хээрийн дадлага нь оюутнуудын онолын мэдлэгийг практикт бататгахын зэрэгцээ эмийн ургамлын зөв зохистой ашиглалт, хамгааллын талаарх хариуцлагатай хандлагыг төлөвшүүлж, уламжлалт анагаах ухааны ирээдүйн эмчийн мэргэжлийн суурь чадамжийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.








