АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIH) санхүүжилтээр АШУҮИС-ийн АНУ-ын Дюк болон Техасын Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын Хүрээлэн буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн төв” төслийн 5 дах жилийн хурлыг Эрүүл Мэндийн Яамтай хамтран 2026 оны 6 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хуралд Эрүүл Мэндийн Яам, ДЭМБ, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Цаг уур, Орчны Шинжилгээний Газар, Орчин, Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг, Нийслэлийн Агаарын Бохирдлыг Бууруулах Газар, НЭМҮТ, төрийн бус байгууллагууд болон бусад холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож, төслийн үр дүнг хэлэлцлээ. Хурлыг нээж төслийн удирдах зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, ЭМЯ-ны Бодлого, Төлөвлөлтийн Газрын НЭМТҮ хариуцсан ахлах шинжээч Д.Баярболд, АНУ-ын Техасын Их Сургуулийн профессор, доктор Грегори Грей нар үг хэллээ. Профессор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ төслийн үр дүн, ач холбогдлыг тодотгож, төслийн хүрээнд АШУҮИС дээр “Монголын Хүрээлэн буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв”-ийг байгуулан, 20 судлаачийг АНУ-ын Дюк, Техасын Их Сургуульд 3 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан чадавхижуулж, төслийн судалгааны мэдээллийг ашиглан 7 Магистрант, 3 докторант судлаачид нэг сэдэвт бүтээлээ туурвиж байгааг дурдав. Төслийн удирдагч (PI/PD), АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал, АУ-ы доктор, профессор Д.Даваалхам төслийн хүрээнд 5 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, явцыг танилцуулан, энэ хугацаанд судалгааны үндсэн багт НЭМ, орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, вирус судлал, анагаах ухаан, молекул биологи, биостатистикийн чиглэлийн 100 гаруй судлаачид, багш нар ажиллаж ахисан түвшний судалгааны ажлууд хийж байгааг танилцууллаа.
Мөн АНУ-ын Техасын Их Сургуулийн профессор, доктор Грегори Грей “U2R төслийн тухай”, Дюк Их Сургуулийн Орчны шинжлэх ухаан, бодлогын тэнхимийн эрхлэгч, профессор Жунфен Жан “Түүхий болон сайжруулсан нүүрснээс үүсэх тоосонцор, хийн бохирдуулагчдын ялгарал”, Дюк Их Сургуулийн профессор Роберт Тай “Агаарын бохирдлын амьсгалын тогтолцоонд үзүүлэх нөлөөнд хэн хамгийн өртөмтгий байна вэ? Яагаад?”, Дюк Их Сургуулийн, Даяаршлын Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Крис Байрер “Даяаршлын эрүүл мэндийн хүрээлэн” сэдвээр тус тус илтгэлээ танилцуулав. Мөн уг төслийн 5 судлаач АНУ-ын Дюк болон Техасын Их Сургуульд хийсэн 3 сарын сургалтын тайлан, судалгааны үр дүнгийн илтгэлээ.





















